Saturday, December 17, 2011

Хятад сарнай









Хятад сарнай буюу гибискус нь олон наст бутлаг ургамал бөгөөд Монголд цэцэг таригчдын дунд түгээмэл тархсан ургамал юм. Ягаан, час улаан, шар зэрэг өнгийн цэцэгтэй нь хамгийн түгээмэл байдаг. Анх үрслүүлэхдээ ишийг тайрч аваад зөөлөн, тэжээллэг хөрсөнд шууд суулган усалсны дараа гялгар уутаар битүү боож вакуум орчин үүсгэн дулаахан газар тавина. Тайрсан мөчир үндэслэн хөрсөндөө дасах хүртэл 3-4 долоо хоног болох ба энэ хооронд долоо хоногт нэг удаа уутыг онгойлгож бага зэрэг услаад буцааж вакуумдаж тавина. Ургамал үндэслэсний дараа зүүн тийш харсан буюу нар өглөөд тусдаг цонхонд эсвэл байнга байрлах газар нь тавих ба аль болох байрнаас нь хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Байршлыг нь хөдөлгөхөд их мэдрэмтгий байдаг ба ялангуяа цэцэглэх гэж байхад нь хөдөлгөвөл цэцгийн цоморлигоо шууд гүвж хаядаг. Сардаа нэг удаа хүч султай бордоогоор бордоно. Ямар ч ургамлыг бордоотой усаар шууд бордож хэрхэвч болохгүйг мартаж болохгүй. Эхлээд цэцгээ усалчаад хэсэг байсны дараа бордоотой усаараа бордоно. Эс тэгвээс үндэс түлэгдэж цэцэг үхэх аюултай. Хавар 4-5 дугаар сарын үеэс эхлэн цэцэглүүлэх бордоог зааврын дагуу зөв хэрэглэж эхэлбэл зуны турш цэцэглээд зогсохгүй дулаахан газар бол 11 дүгээр сар гартал тод өнгийн том сайхан сарнайн дэлбээгээрээ таныг баясгана. Өвлийн цагт услалтыг бага зэрэг багасгах ба бордохоо зогсоох хэрэгтэй. Таны сарнайнд ч бас өвлийн амралт буюу унтлатын үе хэрэгтэй. Зэрлэг сарнай харьцангуй оройтож унтах ба 12 дугаар сараас зарим үед бүр 1 дүгээр сараас эхлэн 3-4 сар унтдаг. Унтаж байх үед нь ганц нэг навч нь шарлаж унах нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнд та санаа зовох хэрэггүй. Энд өөрийн тарьсан зэрлэг сарнайн зургуудаас орууллаа. Ягаан өнгөтэй нь дээрх аргаар үрслүүлж тарьсан 7 настай цэцэг ба одоо 2 метр гаран өндөр болоод байна. Час улаан өнгийнх нь тариад нэг жил болж байгаа залуу сарнай юм.  

Tuesday, December 13, 2011

Лимоны мод үрээр тарих



Энэ удаа та бүхэнд үрээр тарьсан лимоны модныхоо тухай танилцуулж байна. Лимоныг үрээр тарихад ихэвчлэн их өндөр, горзгор болж ургах гээд байдаг тул томрохын хирээр нь савыг нь тохируулан томосгохоос гадна дээрээс нь тайралт хийж өгвөл багсгар өтгөн болж ургадаг. Гэртээ тарихад дор хаяж 5-7 жил болж байж үр жимсээ өгдөг байна. Монголын нөхцөлд өвөлд дулаахан байранд байсан ч гэсэн ургалт нь багасч, навчаа нилээд гөвдөг. Энэ үед усалгааг багасгах хэрэгтэй. Харин хавар дулаарахад эрс сэргэж байгаа нь мэдэгддэг ба нарны илч нэмэгдэхийн хирээр шинэ навчны ургалт олширдог. Тод ногоон навч нь сайхан үнэртэйгээс гадна бактериас сэргийлэх чадвартай гэдэг. Та бүхэн идсэн лимоныхоо үрийг тариад туршаад үзээрэй. Үрээр амархан ургадагийг та өөрөө харах болно. Миний хувьд үрээр тариад 3 жил болж байна. Танд амжилт хүсье!

Saturday, December 3, 2011

Fuchsia буюу ялдам цэцэг






Өөрийн тарисан ялдам цэцгээс оруулав.
Сайн байцгаана уу? Та бүхэнд эхний блогоо хүргэж байна. Би цэцэг тарих дуртай жирийн нэгэн бүсгүй. Ажлаа тараад цэцэгний тухай блог унших, интернетээр судлах дуртай нэгэн. Танд миний блог таалагдах байх гэж найдаж байна!