Гузмания нь тропикийн бүсээс гаралтай ургамал бөгөөд арчилгаа харьцангуй бага шаарддаг. Заримдаа түүнийг "агаарын ургамал" ч гэх нь бий. Учир нь гузмания байгаль дээрээ халуун оронд өөр ургамал, бут, модноос зүүгдэж ургадаг ба тасалгааны нөхцөлд саванд хийн гэршүүлэн ургуулахад хөрс нь цэцгийг барьж тогтоох "нуруу"-ны үүргийг гүйцэтгэдэг ба хөрснөөс төдийлөн шим тэжээл шаарддаггүй. Агаарын цэцэг гэгддэг бас нэг учир нь тропикийн бүсийн ургамал тул чийгэнд маш дуртай ба агаараас агаарын чийгийг өөртөө шингээн авч ургадаг. Хуурай орчныг тэсвэрлэхдээ тун муу. Иймээс манай орчинд бол зуны цагт үе үе шүршиж өгч байх хэрэгтэй. Бас услалтын хувьд бусад ургамлаас огт өөр. Усалгааг хөрс лүү нь биш цэцгийн гол суваг луу хийдэг. Харин өвлийн хүйтэн цагт хөрс лүү бүлээн ус хааяа хийнэ. Бусад үед цэцгийн гол суваг луу бүлээвтэр ус хийх ба ус ууршсан эсэхийг үе үе шалгана. Хэд хоносон усыг асгаж байхгүй бол ялзарч өмхийрэх талтай. Ерөнхийдөө чийгэнд дуртай тул бүлээн шүршүүрт үе үе оруулж болно, гэхдээ үүний дараа дулаан газар тавьж хатаах хэрэгтэй. Усанд оруулсны дараа шууд хүйтэн тавцан дээр тавьбал цэцэг маань хөлдөх аюултай. Гузмания маань дэлбээлсэн байгаа үеийн зургийг доор орууллаа.
Гузмания амьдралдаа нэг л удаа дэлбээлдэг ба тод улаан (шар) өнгөтэй цэцэг голоос нь гардаг. Цэцэг нь хэдэн сарын турш амьдардаг ба аажмаар гундаж үхэж эхэлдэг. Энэ үеэс эхлэн цэцэгний хажуу ёроолоор жижиг "бичилхэн" гузмания-нууд гарч эхэлдэг. Үхэж байгаа эх ургамал хамаг хүчээ шинэ үрсдээ чиглүүлж эхэлнэ. Эх ургамал бүрэн хатсан үед хурц хутгаар түүнийг тайрч хаяаад жижиг ургамлуудыг тэр чигт нь тэр саванд нь үргэлжлүүлэн ургуулж болохоос гадна эх ургамлын хэмжээний 1/3-тэй тэнцэхүйц хэмжээний том болсон үед нь хөрсийг суллаж гаргаад үндсийг хуваах замаар салгаж суулгаж болно. Эх ургамлын хэмжээний 1/3-тэй тэнцэхүйц том болоогүй үед салгаж суулгах гэж оролдсоны хэрэггүй. Учир нь энэ үед тэдгээр нь эх ургамлаасаа шим тэжээлээ авч байдаг. Миний хувьд дээрх зааврын дагуу салгаж суулгасан ба анх эх ургамал хатах үед 6 жижиг гузмания гарсан байсан. Салгаж суулгасан ургамлуудыг доор харуулав.
Нас бие гүйцэж цэцэглэх хүртэл 3-4 жил болдог ч үүнийг хурдасгах боломжтой. Навчны үеүүд 6-7 болж томорсон үед бүрэн боловсорсон алимыг хуваан хөрс шороон дээр нь тавин гялгар уутанд хийн вакуум орчинд 10-14 хонуулна. Ингэхэд алим этилийн хий ялгаруулж, ургамал навч ургаж дуусах цаг болсон гэдэг дохиог авч цэцэглэлт эхэлдэг. Энэ аргыг би өөрөө хараахан туршиж үзээгүй байгаа. Удахгүй салгаж суулгасан гузмания-гаа томорхоор нь туршиж үзнээ.