Monday, February 27, 2012

Хятад сарнай

Миний хятад сарнайнууд их олон эил болсон тул хэт томорсон юм. Нэг нь бүр 2 метр гаран өндөртэй. Тиймээс залуужуулж шинээр тарих гээд улаан, ягаан хоёр сарнайгаасаа өвөл унтахаас нь өмнөхөн тайраад суулгасан маань одоо овоо хөөрхөн болж байна. Энэ 2-ийгоо дээш өндөр болгохгүй, өтгөн бутлагдуу болгож ургуулах санаатай байгаа тул саяхан бас дээрээс нь дахиад тайралт хийчлээ.



Дахиад ялдам

11-р сард өөрт байхгүй ялдамын үрсэлгээ аваад тарьсан чинь огт ургаж өгдөггүй ээ. Өвөл авч таарсан болоод тэрүү гэрэл дутсан юм уу дээшээгээ сунаж гозойсон турьгүй юм байгаад л байдаг. Авснаасаа хойш уг нь сар гаран хуучин саванд нь байлгаж байгаад дараа нь шинэ хөрсөнд суулгаж, бордож эхэлсэн ч ямар ч "найраа" алгоо. Надаа дургуй байгаа юм болов уу эсвэл хажуудаа ургаж байгаа хөрш цэцэгнүүдтэй найрамдлаар зэрэгцэн оршиж чадахгүй байгаа юмуу бүү мэд:)


Дээрх зурагнаас хойш 3 сарын дараа энэ ялдам маань анх удаагаа цэцэглэлээ. Миний бодож байсан өнгөтэй нь мөн байлаа:)



Давхар дэлбээт ялдамын үрсэлгээ зарах буюу солилцоно:))

Давхар дэлбээт ялдамын үрсэлгээ зарах буюу өөр өнгийн ялдамын үрсэлгээгээр солилцоно. Одоо ид дэлбээлж байгаа. Дэлбээлэхээрээ яаж харагддагыг доорх зургуудаас харж болно. Зарахаасаа илүүтэйгээр өөр өнгөөр солилцох хүсэлтэй болно:-) Сонирхсон хүнүүс коммент үлдээж болно.






Wednesday, February 22, 2012

Дахиад гузмания

Шинээр салгаж суулгасан эрдмийн ундраа (гузмания)-нуудын маань хамгийн том нь цэцэглэх гэж байна. Дулаараад ирэнгүүт цэцгийн голоос улайгаад эхэллээ. 2 дугаар сарын эхнээс жаахан шингэн бордоогоор бордож, "усанд оруулсан"-аас өөр онцгой зүйл хийгээгүй ба алимтай уутанд хийж туршиж үзэх ч шаардлага гарсангүй ээ. Удахгүй цэцгийн гол өндөр болж бүрэн цэцэглэхээр нь зургийг нь оруулна аа.


Sunday, January 29, 2012

Гузмания

Гузмания нь тропикийн бүсээс гаралтай ургамал бөгөөд арчилгаа харьцангуй бага шаарддаг. Заримдаа түүнийг "агаарын ургамал" ч гэх нь бий. Учир нь гузмания байгаль дээрээ халуун оронд  өөр ургамал, бут, модноос зүүгдэж ургадаг ба тасалгааны нөхцөлд саванд хийн гэршүүлэн ургуулахад хөрс нь цэцгийг барьж тогтоох "нуруу"-ны үүргийг гүйцэтгэдэг ба хөрснөөс төдийлөн шим тэжээл шаарддаггүй. Агаарын цэцэг гэгддэг бас нэг учир нь  тропикийн бүсийн  ургамал тул чийгэнд маш дуртай ба агаараас агаарын чийгийг өөртөө шингээн авч ургадаг. Хуурай орчныг тэсвэрлэхдээ тун муу. Иймээс манай орчинд бол зуны цагт үе үе шүршиж өгч байх хэрэгтэй. Бас услалтын хувьд бусад ургамлаас огт өөр. Усалгааг хөрс лүү нь биш цэцгийн гол суваг луу хийдэг. Харин өвлийн хүйтэн цагт хөрс лүү бүлээн ус хааяа хийнэ. Бусад үед цэцгийн гол суваг луу бүлээвтэр ус хийх ба ус ууршсан эсэхийг үе үе шалгана. Хэд хоносон усыг асгаж байхгүй бол ялзарч өмхийрэх талтай. Ерөнхийдөө чийгэнд дуртай тул бүлээн шүршүүрт үе үе оруулж болно, гэхдээ үүний дараа дулаан газар тавьж хатаах хэрэгтэй. Усанд оруулсны дараа шууд хүйтэн тавцан дээр тавьбал цэцэг маань хөлдөх аюултай. Гузмания маань дэлбээлсэн байгаа үеийн зургийг доор орууллаа.


Гузмания амьдралдаа нэг л удаа дэлбээлдэг ба тод улаан (шар) өнгөтэй цэцэг голоос нь гардаг. Цэцэг нь хэдэн сарын турш амьдардаг ба аажмаар гундаж үхэж эхэлдэг. Энэ үеэс эхлэн цэцэгний хажуу ёроолоор жижиг "бичилхэн" гузмания-нууд гарч эхэлдэг. Үхэж байгаа эх ургамал хамаг хүчээ шинэ үрсдээ чиглүүлж эхэлнэ. Эх ургамал бүрэн хатсан үед хурц хутгаар түүнийг тайрч хаяаад жижиг ургамлуудыг тэр чигт нь тэр саванд нь үргэлжлүүлэн ургуулж болохоос гадна эх ургамлын хэмжээний 1/3-тэй тэнцэхүйц хэмжээний том болсон үед нь хөрсийг суллаж гаргаад үндсийг хуваах замаар салгаж суулгаж болно. Эх ургамлын хэмжээний 1/3-тэй тэнцэхүйц том болоогүй үед салгаж суулгах гэж оролдсоны хэрэггүй. Учир нь энэ үед тэдгээр нь эх ургамлаасаа шим тэжээлээ авч байдаг. Миний хувьд дээрх зааврын дагуу салгаж суулгасан ба анх эх ургамал хатах үед 6 жижиг гузмания гарсан байсан. Салгаж суулгасан ургамлуудыг доор харуулав.



Нас бие гүйцэж цэцэглэх хүртэл 3-4 жил болдог ч үүнийг хурдасгах боломжтой. Навчны үеүүд 6-7 болж томорсон үед бүрэн боловсорсон алимыг хуваан хөрс шороон дээр нь тавин гялгар уутанд хийн вакуум орчинд 10-14 хонуулна. Ингэхэд алим этилийн хий ялгаруулж, ургамал навч ургаж дуусах цаг болсон гэдэг дохиог авч цэцэглэлт эхэлдэг. Энэ аргыг би өөрөө хараахан туршиж үзээгүй байгаа. Удахгүй салгаж суулгасан гузмания-гаа томорхоор нь туршиж үзнээ.

Thursday, January 26, 2012

Баллерина сортын фуксия








Дахиад л ялдам цэцэг... Сүүлийн хэдэн өдөр баллерина сортын ялдам цэцэг маань цэцэглэж нүд баясгаад л байна. Уг нь бордоогүй, амраад л байх шиг байсан чинь сэрчихсэн байнаа-:)


Saturday, January 21, 2012

Мөнгөний мод





Мөнгөний модыг мэдэхгүй хүн үгүй. Ургуулахад хялбар бөгөөд хүссэн хэлбэртээ оруулахын тулд хэлбэржүүлэн тайралт хийж өгнө. Үүний дараа нар, дулаан орчин, шим тэжээлтэй хөрсөнд дорхноо шинэ навч гаран багсайна. Мөнгөний модыг бонсай болгоход хамгийн хялбар байдаг. Миний хувьд өнгөрсөн зун нилээд их тайрсан мөнгөний модныхоо зургийг энд орууллаа. Мөн 3-4 жил болж байж савыг нь томруулж, хөрсийг нь солих нь зүйтэй. Услалтын хувьд зуны цагт хөрс хатсан үед услана, өвлийн цагт 10-14 хоногт нэг удаа услах нь тохиромжтой. Ер нь мөнгөний мод услалт бага байхыг тэвчиж чаддаг бол услалт ихсэхэд үндэс илжирч үхэх аюултай байдаг. Ихэвчлэн байгаль дээрээ цэцэглэдэг ба гэрийн нөхцөлд цэцэглэх нь маш ховор байдаг байна.

Saturday, December 17, 2011

Хятад сарнай









Хятад сарнай буюу гибискус нь олон наст бутлаг ургамал бөгөөд Монголд цэцэг таригчдын дунд түгээмэл тархсан ургамал юм. Ягаан, час улаан, шар зэрэг өнгийн цэцэгтэй нь хамгийн түгээмэл байдаг. Анх үрслүүлэхдээ ишийг тайрч аваад зөөлөн, тэжээллэг хөрсөнд шууд суулган усалсны дараа гялгар уутаар битүү боож вакуум орчин үүсгэн дулаахан газар тавина. Тайрсан мөчир үндэслэн хөрсөндөө дасах хүртэл 3-4 долоо хоног болох ба энэ хооронд долоо хоногт нэг удаа уутыг онгойлгож бага зэрэг услаад буцааж вакуумдаж тавина. Ургамал үндэслэсний дараа зүүн тийш харсан буюу нар өглөөд тусдаг цонхонд эсвэл байнга байрлах газар нь тавих ба аль болох байрнаас нь хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Байршлыг нь хөдөлгөхөд их мэдрэмтгий байдаг ба ялангуяа цэцэглэх гэж байхад нь хөдөлгөвөл цэцгийн цоморлигоо шууд гүвж хаядаг. Сардаа нэг удаа хүч султай бордоогоор бордоно. Ямар ч ургамлыг бордоотой усаар шууд бордож хэрхэвч болохгүйг мартаж болохгүй. Эхлээд цэцгээ усалчаад хэсэг байсны дараа бордоотой усаараа бордоно. Эс тэгвээс үндэс түлэгдэж цэцэг үхэх аюултай. Хавар 4-5 дугаар сарын үеэс эхлэн цэцэглүүлэх бордоог зааврын дагуу зөв хэрэглэж эхэлбэл зуны турш цэцэглээд зогсохгүй дулаахан газар бол 11 дүгээр сар гартал тод өнгийн том сайхан сарнайн дэлбээгээрээ таныг баясгана. Өвлийн цагт услалтыг бага зэрэг багасгах ба бордохоо зогсоох хэрэгтэй. Таны сарнайнд ч бас өвлийн амралт буюу унтлатын үе хэрэгтэй. Зэрлэг сарнай харьцангуй оройтож унтах ба 12 дугаар сараас зарим үед бүр 1 дүгээр сараас эхлэн 3-4 сар унтдаг. Унтаж байх үед нь ганц нэг навч нь шарлаж унах нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнд та санаа зовох хэрэггүй. Энд өөрийн тарьсан зэрлэг сарнайн зургуудаас орууллаа. Ягаан өнгөтэй нь дээрх аргаар үрслүүлж тарьсан 7 настай цэцэг ба одоо 2 метр гаран өндөр болоод байна. Час улаан өнгийнх нь тариад нэг жил болж байгаа залуу сарнай юм.  

Tuesday, December 13, 2011

Лимоны мод үрээр тарих



Энэ удаа та бүхэнд үрээр тарьсан лимоны модныхоо тухай танилцуулж байна. Лимоныг үрээр тарихад ихэвчлэн их өндөр, горзгор болж ургах гээд байдаг тул томрохын хирээр нь савыг нь тохируулан томосгохоос гадна дээрээс нь тайралт хийж өгвөл багсгар өтгөн болж ургадаг. Гэртээ тарихад дор хаяж 5-7 жил болж байж үр жимсээ өгдөг байна. Монголын нөхцөлд өвөлд дулаахан байранд байсан ч гэсэн ургалт нь багасч, навчаа нилээд гөвдөг. Энэ үед усалгааг багасгах хэрэгтэй. Харин хавар дулаарахад эрс сэргэж байгаа нь мэдэгддэг ба нарны илч нэмэгдэхийн хирээр шинэ навчны ургалт олширдог. Тод ногоон навч нь сайхан үнэртэйгээс гадна бактериас сэргийлэх чадвартай гэдэг. Та бүхэн идсэн лимоныхоо үрийг тариад туршаад үзээрэй. Үрээр амархан ургадагийг та өөрөө харах болно. Миний хувьд үрээр тариад 3 жил болж байна. Танд амжилт хүсье!

Saturday, December 3, 2011